Металл бус түүхий эдийн үндсэн төрлүүд: нөөц ба олборлолт

Металл бус ашигт малтмалын төрөл: нөөц, ашиглалт 

Металл бус ашигт малтмал нь аж үйлдвэрт чухал ач холбогдолтой. Байгаль нуурын сав нутагт уулын химийн, уулын техникийн, шил дурангийн түүхий эдийн, барилгын материалын, эрдэс бордооны, гоёл чимэглэлийн ба үнэт чулууны орд газрууд хангалттай бий.

Кварцын түүхий эдийн ашигт малтмал стратегийн эрдсийн нөөцөд тооцогддог. Сав нутгийн хэмжээнд хайгуул хийгдсэн ба аж үйлдвэрт ашиглахаар бэлтгэсэн кварцын түүхий эдийн багагүй нөөц бий. Тухайлбал, онцгой цэвэр талсжсан кварцын ордууд (Чулбонск, Надежное, Гоуджекитск гэх мэт) болон кварцитын (Черемшанск, Голоустенск) ордууд байдгийн ихэнх нь Буриад улсын нутагт оршино. Иймээс тэнд аж үйлдвэрийн өндөр технологийн салбарт зориулж кварцийн түүхий эдийг гүнзгий боловсруулах үйлдвэрүүд байгуулж, олон талстат цахиур үйлдвэрлэж, улмаар эрчим хүч хэмнэх систем бүтээх бүх урьдчилсан нөхцөл бий. Одоогоор Северо-Байкальскийн районы Чулбонскийн талсжин кварцын орд газрыг эзэмшиж гэрлэнцахилгаан систем шиг эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах төсөл боловсрогдоод байна.

Черемшанскийн орд газраас олборлож буй кварцитын түүхий эд маш өндөр чанартай тул техникийн цахиур, нүүрст цахиур, төмөрт цахиур үйлвэрлэх шаардлагыг хангах нь магад. Сүүлийн жилүүдэд нарны эрчим хүчний үйлдвэрт шаардагдах маш цэвэр цахиур гаргаж авах, мөн пьезокварцын монокристалл ургуулах зорилгоор кварцитын хамгийн цэвэр төрлүүдийг нарийвчлан судлах ажил явуулж байна. Тухайн ордыг 1992 оноос эхлэн ашиглаж үйлдвэрийн хүчин чадал нь жилд 200 мян. орчим тн хүрч Орос улсын хэмжээнд цахиурын хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийн нэг болсон төдийгүй тунгаамал цахиур үйлдвэрлэдэг цорын ганц нь юм.

Голоустенскийн орд газрын кварцитыг төмөрлөгийн үйлдвэрт галд тэсвэртэй тоосго хийхэд зориулан ашигладаг. Харин Ольхонскийн районд Байкальскийн нурууны зүүн хажууд байрладаг Заворотнинск, Среднекедровын хоёр том ордын бичил кварцит нь сайн чанарын хусагч-өнгөлөгч (абразив) түүхий эд болдог бөгөөд Заворотнинскийн ордыг 1975 оноос 1993 он хүртэл ашиглаж байгаад одоо улсын нөөц газар болгожээ.

Хайлуур жоншны түүхий эдийн нэлээд их нөөц Буриад улсын нутагт илэрчээ. Одоогийн байдлаар Еравнинскийн районы дунд зэргийн нөөцтэй Эгитинскийн ордыг ашиглаж тэндээс олборлосон хүдрийг Забайкальскийн уулын баяжуулах комбинатын баяжуулалтын үйлдвэрт боловсруулдаг. Сэлэнгийн районы Наранскийн ордыг хэсэг хугацаанд ашиглаж байгаад одоо дахин үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна. Хоронхой тосгоны ойролцоох Хиагтын хайлуур жоншны фабрик 1966 оноос өөрийн орон нутгийн түүхий эдээр ажиллаж байгаад дараа нь Монгол улсаас түүхий эдээ зөөдөг байв. Одоо энэ үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчээ.

Химийн цэвэр шохойн чулууны нөөц хангалттай бий. Ольхонскийн районд байдаг Усть-Ангинскийн орд, Занграевскийн районы одоо нүүрст кальций үйлдвэрлэхэд ашиглаж байгаа Билютинскийн орд, будаг лакийн үйлдвэрт ашиглаж байгаа Татарский ключийн орд зэргийг нэрлэж болно. Мөн Тарабукинскийн орд газрын доломитын нөөцийг шилний болон төмөрлөгийн үйлдвэрт түүхий эд болгон ашиглаж байна.

Фосфатын түүхий эдийн орд газрууд гэвэл Байгаль нуур орчимд Ольхонскийн районы Сарминскийн фосфоритын орд, Слюдянскийн районы Слюдянскийн апатитын орд, мөн Монгол улсын нутаг дахь Хөвсгөлийн фосфоритын сав газрын үелсэн давхаргуудаас тогтсон их хэмжээний нөөцтэй фосфоритын орд газруудыг дурьдаж болно. Хөвсгөлийн орд газрууд нь нуураасаа ойрхон байрлах тул олборлолт явуулахад бэрхшээлтэй. Улан-Үдэ хотын ойролцоох Ошурковскийн томоохон хэмжээний апатитын ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Баталгаат нөөцийг үндэслэн эхний ээлжинд Забайкальскийн апатитийн заводыг барьсан боловч Байгаль нуурын экологийн төлөв байдлыг доройтуулж болзошгүйн улмаас баяжуулах фабрик байгуулж байх үед үйл ажиллагааг нь хаажээ. Одоогоор хүдэр олборлох ба баяжуулах байгальд ээлтэй технологийн үндсэн дээр орд газрыг ашиглах төсөл боловсруулаад байна. Өнөөдөр фосфорын бордоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийн баазыг нэмэгдүүлэх асуудал Орос орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдох хэмжээнд хүрчээ. Үйлдвэрлэхээр төлөвлөж буй апатитын баяжмалын хэмжээ жилд 500 мян.тн, түүний дагалдах бүтээгдэхүүн болох үйрмэг чулуу бас 500 мян.тн хүрнэ.

Шаазан ваарны шавар болон галд тэсвэртэй түүхий эдийн орд газруудаас: Шаазангийн “Сибфарфор” фабрикийг түүхий эдээр хангадаг байсан Эрхүү мужийн Нарын-Кунтинскийн бичил шигдээст пегматитийн орд: 1784 оноос хойш 170 жилийн турш янз бүрийн шилэн эдлэл хийдэг байсан Тальцинскийн заводын гол бааз Харгинскийн шилний элсний орд: Харьцангуй шинэ төрлийн эрдсийн түүхий эд болох волластонитын нөөц бүхий Асямовскийн орд: Буриад улсын өмнөт хэсэгт орших Черная Сопкийн силлиманитовын (их шаварлаг шороот) занарын ордыг дурьдаж болно. Черная Сопкийн занарын ордын хүдэр нь энгийн эрдэст найрлагатай, баяжуулахад хялбар тул түүнийг түшиглэн силлиманитын ба кварцын таваарлаг бүтээгдэхүүн гаргаж авах хаягдалгүй үйлдвэр байгуулж болох юм. Дээр дурьдсан бүх ордууд одоогоор улсын нөөцөд хадгалагдаж байна.

Гялтагнуур-флогопитын орд Байгаль нуурын өмнөт хэсэгт 18-р зууны хоёрдугаар хагасаас мэдэгдсэн бөгөөд уг ордыг цахилгаан техникийн аж үйлдвэрийн хөгжилтэй уялдаж 1924 оноос ил ба далд аргаар тогтмол олборлож байгаад 1973 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хаажээ. Тэрхүү Слюдянскийн районы ордоос жил бүр 4-7 мян.тн сайн чанарын түүхий эд олборлодог байв.

Бал чулууны хоёр томоохон орд байдгийн нэг нь Слюдянскийн районы Безымянный орд, нөгөө нь Кабанскийн районы Боярскийн орд. Эхний орд нь сайн чанарын хүдэртэй, баяжуулалт хийхэд хялбар боловч Байгаль нууртай маш ойр байрладаг. Баярскийн орд нөөц ихтэй, хүдрийн найрлага дахь графитын агууламж дунд зэрэг, тээврийн газарзүйн байрлал сайнтай тул түүнийг ашиглахад эдийн засгийн үр ашиг өндөр байх боломжтой.

Байгаль нуурын сав нутгийн нэлээд хэсэгт өнгөрсөн хугацаанд галт уулын үйл ажиллагаа идэвхтэй байсан тул түүний бүтээгдэхүүн болох перлитийн орд хэд хэд бий. Тэдгээрээс хамгийн их нөөцтэй нь Мухор-Талинск, Закулстинск, Холинскийн ордууд юм. Одоогийн байдлаар Мухор-Талинскийн орд газарт үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд олборлолтын хэмжээ нь сүүлийн гурван жилд жил дутам 1-10 мян.мтүүхий эд гаргаж байна. Забайкальскийн хязгаар ба Буриад улсын хил дээр оршдог Холинскийн перлит, цеолитын ордыг түшиглэн уулын олборлох үйлдвэр байгуулсан бөгөөд одоогоор олборлолтын түвшин нь өндөр биш ердөө 0,8 мян.тн цеолит гаргаж аваад байна.

Бүс нутгийн хэмжээнд гоёл чимэглэлийн ба үнэт эрдэнийн чулууны ашиглаж байгаа ордууд бий. Тухайлбал, Забайкальскийн районд турмалин гэдэг гоёлын чулууны хосгүй ордыг малтаж ашиглаж буй нь Орос улсын хэмжээнд ганцхан юм. Буриад улсын Харгантинскийн орд газарт жил бүр 20 тн нефритийн түүхий эд олборлож байна. Мөн Хамархудинскийн нефритийн ордын ашиглалтыг эхлүүлж 2012 онд 510 тн чулуу олборложээ.

Байгаль нуурын сав газар барилгын эрдэс материалын түүхий эдийн нөөцөөр нэн баялаг. Энд цементийн, тоосгоны, элс-хайрганы, барилгын ба өнгөлгөөний чулууны түүхий эдийн орд газар олон бий. Ангарскийн цементийн заводын түүхий эдийг Слюдянскийн цементийн гантиг чулууны томоохон орд хангадаг бөгөөд уг уурхай жилд 900 мян.тн орчим бүтээгдэхүүн нийлүүлдэг аж. Таракановскийн цементийн шохойн чулууны орд, Тимлюйскийн шавранцарын орд хоёр Тимлюйскийн цементийн заводыг түүхий эдээр хангаж жилд дунджаар 240-400 мян.тн шохойн чулуу, 20-35 мян.тн шавранцар олборлодог байна. Өнгөлгөөний чулууны нөөцийн хувьд Байгаль нуурын баруун ба зүүн өмнөт эрэг орчим оршдог Буровщиний, Ново-Буровщиний ягаан гантигийн орд, мөн цасан цагаанаас утаан саарал хүртэл янз бүрийн өнгө туяатай баримал чимэглэлийн гантиг бүхий Бугульдейскийн ордыг нэрлэж болно. Барилгын чулууны хувьд Эрхүү мужийн дунд зэргийн нөөцтэй Ангасольскийн орд, Забайкальскийн хязгаарын ихээхэн нөөцтэй Жипхегенский ордыг ашиглаж хайрган чулууны заводуудыг түүхий эдээр хангадаг. Барилгын чулууны Байкальск, Ермолаевск, Динамитийн гэх мэт ордууд Байгаль нуурын эргийн зурваст оршдог тул тэдгээрийг олборлох боломжгүй юм. Мөн Северо-Байкальскийн районд Ирканинск, Прибайкалийн орчимд Муринск, Хужирскийн тоосгоны ба шаазан ваарны шаврын ордууд, Утуликскийн элс-хайрганы орд, Паньковскийн барилгын элсний орд зэрэг олон газрыг судалж илрүүлсэн байна.

Бусад ашигт малтмалын тухайд гэвэл Зангодинск, Калинишенскийн эрдэс будгийн орд, Хаянскийн хүрэн шаврын орд, мөн чулуун цутгамалын түүхий эдийн, сульфат-натрийн давсны ордуудыг дурдахад хангалттай.

Монгол улс дахь Байгаль нуурын сав нутагт асбест, гөлтгөнө, бал чулуу, тальк (танар), магнезит, бентонит, гоёл чимэглэлийн чулуу (нефрит, серпентинит, оюу, мана гэх мэт), кварцын түүхий эд, эрдэс давсны багавтар ордууд бий. Барилгын материалын түүхий эдээс тоосгоны ба ваар шаазангийн шавар, элс-хайрга, барилгын элс, чулууны ордуудыг ашиглаж байна.

Зураг дээр металл бус түүхий эдийн үндсэн ордуудыг, тэдгээрийн хэмжээ, ашигт малтмалын төрөл зүйлийг харгалзан тэмдгийн аргаар үзүүлсэн бөгөөд мөн уулын олборлох үйлдвэрүүдийг сүүлийн 3-5 жилийн хугацааны олборлолтын дундаж хэмжээгээр, төлөвлөгдсөн ба барьж байгаа үйлдвэрүүдийг тооцоот хүчин чадлаар нь тус тус ялгаж тэмдгүүдээр дүрслэн харуулав. Тэмдгийн өнгө нь тухайн үйлдвэрийн ашиглалтын үе шатыг илэрхийлнэ. Хөвсгөлийн фосфоритын сав газрыг дэвсгэр зургаар үзүүлэв.

Дараагийн мэдээ