ҮНЭТ МЕТАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Үнэт металл: Металлыг физик, химийн чанараар нь өнгөт, газрын ховор, хар, үнэт гэх мэтээр ангилдаг бөгөөд эдгээрээс үнэт металлын бүлэгт алт, мөнгө, платина, палладий, иридий, родий, рутений, осмий гэсэн найман металл байдаг аж. Сорьц: Аливаа металл хайлшид агуулагдаж байгаа үнэт металлийн агуулгыг сорьц гэнэ. Өөрөөр хэлбэл аливаа металл хайлш, биетийг 1.000 тэнцүү хэсэгт хуваахад хэдэн хэсгийг нь үнэт металл эзэлж байгааг сорьц гэж ойлгоно. Монгол Улсад алтан эдлэлийг 333, 375, 585, 750, 916, 960, мөнгөн эдлэлийг 875, 925 гэсэн сорьцоор тус тус үйлдвэрлэдэг юм байна.

Цагаан алт: Энэ нь шар алтны төрлийн хайлш юм.

Тухайлбал: 750 сорьцтой алтны хайлш бэлтгэхийн тулд 75 хувьд нь алт, үлдсэн 25 хувьд нь никель, эсвэл палладий гэсэн хоёр металлийн аль нэгийг дангаар нь холиход алтны шар өнгө хувирч цагаан болдог байна. үүнийг олон улсын худалдааны практикт цагаан алт гэж нэрлэдэг аж. Yнэт чулуу: Өнгөгүй тунгалаг доржпалам /алмаз/ улаан өнгөт бадмаараг / рубин/ , цэнхэр өнгөтэй индраанил /сафир/, ногоон өнгөтэй маргад /изумруд/ гэсэн дөрвөн төрлийн чулууг үнэт чулуу гэдэг. Бриллант: Энэ нь чулуунд талст гарган зассан засалтын нэр юм. Доржпалам чулууг 57-58 ширхэг талст гарган зассан дугуй хэлбэрийн одлог засалтыг бриллант гэдэг. Карат: Карат гэдэг үг нь хоёр өөр ойлголтыг илэрхийлдэг. Карат гэж бичсэн байвал үнэт металлын сорьц гэж ойлгодог бөгөөд "К" үсгээр тэмдэглэдэг. Хэрвээ 14К гэсэн тэмдэглэгээ байвал 585 сорьцтой алт байна гэж ойлгоно. Харин Carat гэж бичсэн байвал үнэт чулууны жин гэж ойлгодог бөгөөд "ct" гэж тэмдэглэдэг. 1 ct нь 0.2 гр буюу 200 мг-тай тэнцдэг аж.

Эрдэнийн чулуу: Гарал үүслийнх нь хувьд байгалийн, таримал /синтетик/, дууриамал /imitations/ гэж харин хэрэглээ үнэлгээний талаас нь үнэт, хагас үнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг гэнэ. Байгалийн чулуу: Байгаль дээр үүсч бий болсон чулууг хэлнэ. Таримал /синтетик/ чулуу: Лабораторын нөхцөлд ХИМИЙН бодисыг талстжуулан ургуулж гарган авсан чулууг хэлнэ. Таримал чулууг ихэвчлэн үндсэн түүхий эдээс нь ургуулдаг. Тухайлбал хөнгөн цагааны ислээс тогтсон корунд гэдэг эрдэсийн улаан өнгөтэйг нь бадмаараг /рубин/ хөх цэнхэр өнгөтэйг нь индраанил / сапфир/ гэж нэрлэдэг. Хөнгөн цагааны ислийг талстжуулахдаа хромын ион нэмэхэд улаан, магни, төмрийн ион нэмж өгөхөд цэнхэр өнгөтэй болдог. Ингэж гарган авсан чулуу нь өнгө, хатуулаг, дотоод бүтэц, хувийн жингээрээ ижил байдаг учир таримал болон байгалийн чулууг ялгаж танихад нилээд бэрхшээлтэй.

Дууриамал /imitations/ чулуу: Байгалийн болон хиймэл чулуу ашиглан хийсэн чулууг хэлнэ. Тухайлбал, бидний сайн мэдэх оюу хэмээх чулууг хөх, цэнхэр өнгийн тосон будгийг нефть, ердийн хэрэглээний политэтилен /гялгар уут хийдэг/-тэй холиод тодорхой температурт, даралтаар шахаж хатууруулан гаргаж авдаг юм байна. Энд политэтилен нь барьцалдуулагч, нефть нь хар судал болж өгдөг аж. Мөн тунгалаг шил, чулуу бусад материалыг өнгийн цавуугаар наах, түүнчлэн байгалийн чулууг будах гэх мэт олон аргаар чулууг хийдэг. 750 сорьцтой алтны хайлш бэлтгэхийн тулд 75 хувьд нь алт, уйлдсэн 25 хувьд нь никель, эсвэл палладий гэсэн хоёр металлийн аль нэгийг дангаар нь холиход алтны шар өнгө хувирч цагаан болдог.

Өмнөх мэдээ

Дараагийн мэдээ