УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Байгаль  орчин, аялал жуулчлалын яам 2008 онд байгаль орчин, байгалийн  нөөц  баялаг,  түүний  дотор  уул  уурхайн   үйл  ажиллагааны  улмаас   эвдэрсэн  газрыг   нөхөн  сэргээх   эрхзүйн   орчинг  боловсронгуй  болгоход онцгой   анхаарч,   ажилласан  билээ. 
Монгол Улсын засгийн газрын 2006 оны 309 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай, ээлтэй технологиор явуулах, ашигт малтмалын орд газрын нөхөн сэргээлтийн стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрыг гүйцээн нөхөн сэргээх арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шаардлагатай хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулах замаар учирсан хохирлыг арилгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон тус хөтөлбөрийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уул уурхайн нөхөн сэргээлт өнөөгийн байдал:

1992 оноос хойш улсын хэмжээнд 330 гаран аж ахуйн нэгжүүд уул уурхайн үйл ажиллагаа явуулж нийт 14565 га газрыг эвдрэлд оруулснаас гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд 1000 гаран га газар өртсөн тойм судалгаа гарч байна. Үүнээс нийт 3708.4 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийж нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа 10000 га орчим газар байна.

Бүртгэл хийгдсэн он

Бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо

Төлөвлөлт
/га/

Гүйцэтгэл 
/га/

Зардлын хэмжээ сая.төг

Техникийн нөхөн сэргээлт

Биологийн нөхөн сэргээлт

Техникийн нөхөн сэргээлт

Биологийн нөхөн сэргээлт

2006

190

1174.7

779.0

986.34

609.1

3688.6

2007

159

852.45

928.97

1158.5

958.3

8926.6

2008

243

1216.57

1064.3

898.8

807.9

6063.6

2009

166

597.9

813.2

2010 онд гүйцэтгэл гарна

Нийт дүн

3841.6

3585.4

3043.64

2375.3

 

18678.8

 

2009 онд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг 166 аж ахуйн нэгж, байгууллага батлуулан ажиллаа. Эдгээр байгууллагын төлөвлөгөөний үзүүлэлтээс харахад 2009 онд 1326.3 га газар олборлолтод өртөж, түүний 597.9 га газарт техникийн нөхөн сэргээлт, 813.2 га газарт биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөгөө батлуулж, 755.8 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлэх баталгаа болгон байршуулаад байна. 
Сүүлийн 3 жилийн /2006-2008 он/ мэдээгээр Уул уурхайн ашиглалт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг батлуулж, тайлагнасан дүнгээс үзэхэд нийт 3243.7 га талбайд  техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөснөөс 3043.6 га буюу 93.8 %-д, 2772.2 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөснөөс 2375.3 га буюу 85.6 %-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор дараахи Уул уурхайн олбрлолтын улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээхтэй холбогдуулан шинээр гарсан хууль эрх зүйн баримт бичгүүдийг гаргаад байна. Үүнд:

Нэг. Байгаль орчны сайдын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар тушаалаар “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”, 2007 оны 12 сарын 25-ны өдрийн 374 тоот “Барьцааны хөрөнгө буцаан олгох, гарын үсэг зурах эрх олгох тухай” тушаалын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн барьцааны хөрөнгийг нэг дансанд төвлөрүүлэн хяналт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд 2007 онд 569 сая төгрөг, 2008 онд 956.07 сая төгрөг, 100000 ам.доллар төвлөрөөд байна.

2008 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулсан 243 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас нийт 1335.3 га газар олборлолтод өртөж, түүний 1216.57 га газарт техникийн нөхөн сэргээлт, 1064.28 га газарт биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөгөө батлуулан ажиллав. 

Хоёр. Байгаль орчны сайдын 2008 оны 207 дугаар тушаалаар туршилтын 1 /нэг/ жилийн хугацаанд мөрдүүлэхээр баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 2947 дугаарт бүртгүүлсэн бөгөөд уг аргачлалыг шинэчлэн боловсруулж, 2010 оны 1 дүгээр улиралд баталгаажуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус аргачлал нь тухайн уурхайн үйл ажиллагаанаас ургамал, хөрс, ус, амьтан, агаар орчинд учруулсан хохиролыг байгалийн бүрэлдэл тус бүрээр тогтоож, улмаар тухайн газрыг эвдрэлд оруулснаар учирч болох хохирлыг урьдчилан тооцож нийлбэр үнэлгээ гаргах боломжийг олгож байна. Мөн урьд өмнө олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон талбайг зардлаар үнэлж нөхөн сэргээлгэх, гарсан задлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж байна. 
Аргачлалыг мөрдүүлснээр “Ашигт малтмалын тухай” хуулийн 26.2.5-д заасны дагуу хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг бодитойгоор тооцож гаргах, уул уурхайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний түвшинд тухайн төслийн экологийн хор хохирлыг урьдчилан тооцож уг төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг буюу байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөх эдийн засгийн боломж гарах эсэхийг урьдчилан тооцож зүй зохистой шийдвэр гаргах боломж бүрдэж байна.  
Уг экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох ажлыг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан аж ахуйн нэгж байгуулагуудаар гүйцэтгүүлж, экологийн хохирлын төлбөрийг төлж барагдуулах ажлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон мэргэжлийн хяналтын байгууллага, харьяа агентлаг, аймгийн байгаль орчны алба, аймаг, нийслэлийн засаг дарга нар зохион байгуулахаар тогтоосон болно.
Тус аргачлалыг www.legalinfo.mn вэб хуудаснаас бүрэн эхээр нь авч танилцах мөн татаж авах боломжтой. 
Гурав. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дах хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дах заалт, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6 дах хэсгийг үндэслэн Засгийн газрын 2006 оны 309 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн олборлолтод өртсөн газрыг нөхөн сэргээх ажлын стандартыг байгаль цаг уурын бүс, бүсчлэлд тохирсон байдлаар шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран хийгээд байна.

Стандарт боловсруулах ажлын хэсгийг Байгаль орчны сайд/ хуучнаар/, Үйлдвэр худалдааны сайд/ хуучнаар/-ын хамтарсан 2008 оны 106/67 дугаар тушаалаар байгуулж,

  1. Уул  уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллгаагаар  эвдэрсэн газрын ангилал,
  2. Эвдэрсэн газрын  нөхөн сэргээлтийн нэр томьёо, тодорхойлолт,
  3. Уул уурхайн үйлдвэрийн үйл ажиллагаагаар  эвдэрсэн газрын нөхөн сэргээлт,
  4. Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт , хадгалалт ,
  5. Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага гэсэн 5 стандартыг Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн стандартын ерөнхий зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцүүлж батлуулав.

Стандарт боловсруулах ажилд АМГТХЭГ, УМХГ, УХЭГ, СХЗҮТ, ШУТИС-ийн Уул уурхайн сургууль, ХААИС, Уул уурхайн хүрээлэн, Геэкологийн хүрээлэн, Тогтвортой хөгжлийн төлөөх, хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ, Тосон заамар-Туул гол ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцон гүйцэтгэсэн болно.
Стандарт боловсруулах ажлын зорилго нь  уул уурхайн олборлолтонд өртөж доройтолд орсон газар нутгийг бүрэн нөхөн сэргээхэд тавигдах ерөнхий шаардлагыг тодорхойлох, биологийн нөхөн  сэргээлтийг тухайн орон нутгийн байгаль экологийн онцлогийг харгалзан, бүс бүсчлэлийн онцлог, ус чийгийн хангамжид тохируулан ургамлын төрөл зүйлийг тодорхойлсон, нутгийн ургамлыг тарималжуулах боломжийг бүрдүүлсэн байдлаар боловсруулах явдал байв. 
Хуучин мөрдөж байсан стандартууд нь зөвхөн алтны шороон орд газрыг ил аргаар олборлох үед баримтлах ерөнхий шаардлагууд байсан бөгөөд шинэчилсэн стандартуудыг батлуулснаар алтны шороон болон үндсэн орд, нүүрсний уурхай, жонш, түгээмэл тархацтай ордууд  болон бусад орд газруудыг ил болон далд аргаар ашиглах үеийн нөхөн сэргээлтийн ерөнхий шаадлагуудыг тодорхойлж өгснөөрөө онцлог, давуу талтай юм.

Дөрөв. Уул уурхайн нөхөн сэргээлтийн мэдээллийн тайлан гаргах маягт БОХ-3-ийг статистикийн маягт боловсруулах стандартын дагуу боловсруулж Статистикийн үндэсний хороогоор зөвшөөрүүлэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 01 дүгээр сарын 21 дугаар тушаалаар батлан гаргаад байна.

Тав. “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг боловсруулж БОАЖ-ын Сайдын 2009 оны 12-р сарын 29-ны өдрийн 417-р тушаалаар батлуулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны нийтээр дагаж мөрдөх шийдвэрлийн улсын нэгдсэн бүртгэлийн 2010 оны 3103 дугаарт бүртгүүлэв.
Уг аргачлал батлагдаснаар ашигт малтмал олборлох явцад өртөж эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг газарзүйн бүс бүслүүрийн онцлог, уурхайн уул техникийн нөхцөл, олборлох технолгитой уялдуулан хийх боломжийг бүрдүүлсэн, тус улсад анх удаа боловсруулан гаргаснаараа аж холбогдой ажил болсон. 
Зургаа. “Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллого”-ыг Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор,  Өмнөговь, Дорноговь  аймгийн хэмжээнд  зохион байгуулав. 
Тооллогын дүнгээр Архангай аймагт 8 нэгж талбарт 449.4 га, Хэнтий аймагт 39 нэгж талбарт 402.1 га, Өвөрхангай аймагт 11 нэгж талбарт 561.9 га, Баянхогор аймагт 235 нэгж талбар 708.9 га, Өмнөговь аймагт 48 нэгж талбарт 75 га, Дорноговь аймагт 93 нэгж талбарт 28 га буюу нийт 434 нэгж талбарт 1872.4 га газар эвдрэлд орсоныг тогтоолоо.
2010 онд үлдсэн аймгуудын хэмжээнд “Уул уурхайн олборлолт болон цэрэг, батлан хамгаалахын зориулалтаар ашиглагдаж эвдрэлд орж орхигдсон газрын тооллого”-ыг зохион байгуулан, улсын хэмжээнийн нэгдсэн дүнг эцэслэн гаргана.

Тав. 2009 оны 7 дугаар сард “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулахыг хориглох тухай хууль”-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан.
Энэ хууль батлагдсанаар Монгол орны ус, ойн нөөцийг хамгаалах, биологийн төрөл зүйлийн хомсдолоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал ач холбогдол үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын 55 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1-д заасан “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг эцэслэн тогтоож, геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн техникийн шаардлагыг хангуулаад байна. Үүнд:

1.Монгол орны нийт нутаг дэвсгэрийн гол мөрний урсацын дийлэнх хэсэг буюу 70 гаруй хувь нь бүрэлддэг “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг бүсчлэлийн кодоор кодлон дугаарласан 18 аймгийн 109 талбай, 6959 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт /км/, талбай /км.кв/, харъяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоох ажлыг гүйцэтгэсэн.

2.Монгол орны ойн сангийн нийт талбайн 18.8 сая.га буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 12.03 %-ийг эзлэх ба үүний 14.2 сая.га буюу 75.4%-ийг навчит шилмүүст мод, 4.6 сая.га буюу 24.6%-ийг заган ойн эзэлдэг.
Ой сан нь заган ойг оролцуулаад 18 аймгийн 215 сум, 1 хотын 6 дүүргийн нутагт янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, орон зайн байрлалын хувьд үргэлж биш зарим хэсэгт бие биеэс тасарсан 300 000 орчим талбай /ялгарал/-аас бүрдэж байна. 
Ойн сан бүхий газарт хамрагдаж байгаа дээрх 300 000 орчим полигон хэлбэртэй зургийг цэгэн хэлбэрт шилжүүлэн ойн сангийн хилийн заагийг нийт 1725237 цэгийн солбицлоор тус тус тогтоогоод байна.

“Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох, олон нийтэд мэдээлэх” тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж бүх яамдаас санал авч, саналуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр хүргүүлээд байна. 


2010 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулан гаргах эрх зүйн акт, аргачлал:

1. Байгаль орчны сайд, Үйлдвэр, худалдааны сайдын 2002 оны 22/109 дүгээр тушаалаар баталсан “Нөхөн сэргээлтийн зардлын үнэлгээ, зардал тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулаад байгаа бөгөөд холбогдох ажлын хэсгүүдээр хэлэлцүүлэн баталагаажуулна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 339 дүгээр тушаалаар “Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах, хянан батлах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХЯ, МХЕГ, АМГ зэргийн төлөөллийг оролцуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Журмын төслийн эцсийн хувилбарыг ажлын хэсгээр хэлэлцүүлэн, Сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, баталгаажуулна.

Дээрх эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан гаргаснаар Монгол улсын уул уурхайн хайгуул, олборлолтыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах, нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, эзэн хариуцагчийг тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

 

Өмнөх мэдээ

Дараагийн мэдээ