Х.Бадамсүрэнд сард 25 саяын цалин олгоно

Өнгөрсөн Баасан гаригт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос “Эрдэнэт”-ийн ТУЗ-өөс “Монголын зэс”-ийн төлөөлөл  болох Б.Мөнхбаатар, Да.Ганболд, Б.Орхон нарыг чөлөөлж оронд нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон. Тэгвэл төрөөс 100 хувь бүрдүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ шинэ бүрэлдэхүүнээр Орхон аймагт хуралдсан байна. ТУЗ-ийн хурал өчигдөр нийслэлд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас Орхон аймагт хуралджээ.

ТУЗ-ын хурлаар үйлдвэрийн бүтэц, ТУЗ-ын Гүйцэтгэх захиралтай хийх гэрээ болон ТУЗ-ын бүтэц гэсэн гурван асуудлыг хэлэлцэж, “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнтэй гэрээ байгуулж, түүний цалинг 25 сая төгрөг байхаар тогтсон байна.  Тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа авсныхаа дараа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авсан нь тогтоогдоод байгаа юм.  Тэгвэл өнөөдрийн хурлаар гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалинг 25 сая төгрөг болгож, нэмэлт урамшууллыг тухай бүрд нь тооцож байхаар тогтоохоор болжээ.  ТУЗ-ийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллар байхаар тогтсон байна. ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн харин ТУЗ-ийн гишүүдээр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд,  Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга н.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга н.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, анхны хуралдаанаа ийнхүү өнөөдөр Орхон аймагт хийлээ..

Мөн ТУЗ-ын хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн бүтцийн асуудлыг ярилцаж, дэд захирлуудыг шинэчлэн томилжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-эд их халаа сэлгээ өрнөж эхэллээ.

Өмнөх мэдээ

Дараагийн мэдээ