Олон Овоо өртөөнөөс Тяньжин руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг өнөөдрөөс эхлүүллээ.

Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт бөгөөд терминал барьж байгуулснаар шат дамжлагыг ийнхүү халж байна.

Тодруулбал терминалын бүтээн байгуулалтын эхний хэсгийг хувийн хэвшилтэй хамтран нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-наас арван хоёрдугаар сар 21 хүртэлх хугацаанд  барьснаар өдөрт 100-150 вагон нүүрс ачих боломжтой болжээ.

Ингэснээр урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө хэмээн албаныхан тодотголоо. Цаашлаад гуравдагч орон руу экспортлох, эрчим хүчний нүүрсээ Эрээний биш Тяньжиний үнээр буюу  өндөр өртөгөөр борлуулах  боломжийг нээснээр валютын орлогыг өсгөх  юм байна. Мөн тус  терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай бөгөөд нэг ачилтаар 28 вагон ачих аж. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарсаар 20 гаруй мянган тонн ачаа ачжээ.

Харин хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэх бөгөөд зургаадугаар сард дуусгах юм байна. Энэ хүрээнд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд үүнд 2.6 тэрбум төгрөг шаардагдах ажээ. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл хоногт 300 вагон буюу 19500 тонн ачаа тээвэрлэх юм байна.

Мөн үеэр "Олон Овоотын өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжин хүргэнэ. Энэ нь олон улсын боомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу талтай. Мөн нүүрсний экспортоос олох орлого өсөн, ажлын байр шинээр бий болно"Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат онцлов.

Ийнхүү Монгол Улс бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр, нээлттэй чингэлгээр, Тяньжин хот дахь далайн боомтод шууд хүргэхээр боллоо.

БНХАУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чин Дун, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарын албаны хүмүүс өргөтгөсөн терминалын нээлтэд оролцов.

Олон Овоо өртөөг 1974 онд байгуулжээ. Одоогийн байдлаар хоногт дунджаар 170 вагон нурмаг ачаа ачих хүчин чадалтай. Энэ өртөөнөөс 20 км-ын зайд байрлах Алаг толгойн нүүрсний орд газраас МАК, Фрэндшип, Штанкойл, Чингисийн алт компаниуд эрчим хүчний нүүрс олборлон, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг байна.

Өмнөх мэдээ

Дараагийн мэдээ